Битлз хамтлаг 1960 онд байгуулагдсан.
Тэдний хамтлагт Жон Леннон ритм гитар, хоолой, Пол Маккартни басс гитар, хоолой, Жорж Харрисон гоцлол гитар, хоолой, Ринго Старр бөмбөр, хоолой гэсэн үүрэгтэй тоглодог байв. Битлз хамтлаг эхэн үедээ 1950-иад оны үеэс үндэслэсэн рок-н-ролл стилиэр дуулж байсан ч хожим нь түүнээс илүү өргөн стилиэр дуулдаг болсон. Тэдний хувцаслалт, стиль нь тэр үеийнхээ цаг үе, залуучуудын дунд чиг хандлагыг тодорхойлогч болж байв. Хамтлаг 1970 онд тарсан ч гэсэн 4 гишүүн 4-үүлээ амжилттайгаар цааш нь ганцаарчилсан замналаа үргэлжлүүлсэн.
Битлз анх EMI студитай хамтарч 1962 оны 6 сарын 6-нд бичсэн бичлэгүүд нь төдийлөн амжилттай болоогүй. Гэсэн ч тэд цааш үргэлжлүүлэн бичсэн бөгөөд 9 сард бичүүлсэн дуунуудаас нь Love Me Do хэмээх дуу нь Их Британид бяцхан хит болж хит парадын 17-р байр эзэлсэн. Энэ дуу нь 1964 оны 5 сард АНУ-д сингл дууны жагсаалтанд нэгдүгээр байр эзэлсэн.
1962 оны 11 сарын 26-нд хамтлаг хоёр дахь синглээ бичүүлсэн нь Please please me байв. Энэ сингл нь Их Британий албан ёсны хит парадад 2-р байр эзэлсэн ба NME жагсаалтанд 1-р байранд жагссан. Үүнээс 3 сарын дараа тэд анхныхаа цомгийг хэвлүүлж гаргасан нь мөн Please please me гэдэг нэртэй байв.
I Want To Hold Your Hand
Нью-Йоркийн хэд хэдэн радио станц Битлзийн I Want To Hold Your Hand дууг гарсан өдөр нь Нью-Йоркод цацсан. Энэ дууг Вашингтон хотынхон маш нааштай хүлээж авсны нэгэн адил Нью-Йоркод ч энэ дуу мөн хит болсон. Энэ цомог худалдаанд гарснаасаа хойш 10 хоногийн дотор л нэг сая хувь зарагдсан.
1964 оны 2-р сарын 7-нд Битлз хамтлагийнхан АНУ-д хөл тавьсан. Битлз хамтлагийн 3000 гаруй шүтэн бишрэгч нисэх буудал дээр цугласан байсан гэдэг. Битлз Америкийн ТВ-ээр анх Эд Салливаны Шоу нэвтрүүлэгт оролцон 1964 оны 2-р сарын 9-нд гаран Америкийн үзэгчидтэй мэндчилсэн. Тэднийг ойролцоогоор 74 сая үзэгч үзсэн нь тэр үеийн Америкийн хүн амын бараг тал хувь нь байв.
Битлзийн сүүлийн цомог нь 1969 оны зун бичүүлсэн Abbey Road байсан бөгөөд тэд уг цомогт багтсан I Want You (She's So Heavy) гэдэг дууг 1969 оны 8 сарын 20-нд бичүүлсэн нь Битлз хамтлагийнхны хамтдаа бичүүлсэн хамгийн сүүлийн дуу юм.
0 comments :
Post a Comment