Selena Marie Gomez нь 1992 оны 7 сарын 22-нд АНУ-н Техас мужийн Grand Prairie хотноо мэндэлжээ.
Охины аав Мексик гаралтай, харин ээж нь Итали гаралтай хүмүүс. Гэвч Selena-гийн эцэг эх түүнийг 5 настай байхад салсан бөгөөд түүнээс хойш ээж нь 2 дахь удаагаа гэрлэсэн ч тэрээр ээжийнхээ цорын ганц охин нь болж өссөн юм. Түүний Selena хэмээх нэр нь басхүү учиртай. Бяцхан охиныг төрөх үед нэлээд алдартай байсан Техно чиглэлийн дуучныг бодож эцэг эх нь түүнд энэ нэрийг өгсөн гэдэг.
Selena-гийн авьяас чадвар бүр бага байхад нь л танигдсан ажээ. Анх 7 настай байхдаа “Barney болон түүний нөхөд” хэмээх АНУ-н 1-8 насны хүүхдүүдэд зориулсан телевизийн шоунд тоглож Gianna гэх нэрээрээ олонд танигдан тэндээс өөрийн жинхэнэ чадварыг олж нээсэн байна. Энэхүү цувралдаа 2 жилийн турш тоглосны дараа Selena том болсон тул шоунаасаа гарсан юм. Gianna бол түүний анхны том дүр байсан билээ. Хожим нь /2008 онд/ тэрээр People сэтгүүлд энэ талаар ярихдаа “Би бага байхдаа их ичимхий бүрэг хүүхэд байсан. Тэр үед би камер гэж чухам юу болох, тайзны засалт гэж ямар учиртай гэдэг талаар төдийлөн сайн ойлгодоггүй байж. Би Barney-аас бүх зүйлийн талаар суралцсан. Надад маш том туршлага болсон шоу” хэмээсэн байна.
Үнэхээр л энэ шоу түүний урлагийн гараа болсон маш том бүтээл байсан юм. Ингээд “Barney ба түүний нөхөд” цувралаас хойш түүний нэр алдар өсч урлагийн замнал тодорч эхэллээ. 2003 онд “Spy Kids 3D: Game Over” киноны жижиг дүрд, 2005 онд “Walker, Texas Ranger: Trial by Fire”, 2006 онд “Brain Zapped” зэрэг кино шоунд тус тус тоглож өөрийн авьяас чадвараа улам бүр таниулсан юм. 2006 онд оролцсон Brain Zapped хэмээх шоуныхаа дууг Selena өөрөө дуулж амьлуулсан нь түүний дуулах ур чадварыг давхар харуулж чадсан байна. Үүнээс хойш Disney Channel-с гаргасан 2 ч уран бүтээлд чадварлаг дүр бүтээж Disney-н залуу од болон гялалзах болсон юм. Гэвч зөвхөн энэ бүгдээр түүний нэр алдар тодорхойлогдсонгүй.
Түүний хамгийн нэрд гарсан уран бүтээл бол “Disney Channel”-ийн “Wizards of Waverly Place” хэмээх 106 анги бүхий цуврал байлаа. Энэхүү бүтээл тухайн үедээ жинхэнэ шуугианыг тарьж байсан бөгөөд 10 сая үзэгчдийг байлдан дагуулсан шилдэг хит болж чадсан юм. Хүмүүс Selena-ийн авьяасыг хүндэлж дараагийн Miley Cyrus хэмээн нэрлэж байв. Selena-г өөрөөс нь эгч авьяаслаг залуу одтой харьцуулсанд тэрээр үнэхээр нэр төрийн хэрэг гэж үзэж байжээ. Ингээд л тэр ямар ч эргэлзээгүй олон сая үзэгчдийн хайртай од, хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг кино цувралуудын гол баатар хүндлэл хүлээсэн эрхэм хүн болсон юм. Үүний дараагаар тэрээр хэд хэдэн уран бүтээлд тоглохын зэрэгцээ 2008 оноос дуучныхаа карьерийг дээшлүүлж нэр хүндээ улам бүр өсгөсөөр байлаа. Үүний нэг баталгаа бол Selena Gomez 2011 оны MTV Европын Хөгжмийн Шагнал Гардуулах Ёслолын Ажиллагааг хөтөлсөн явдал байлаа. Дэлхийн хэмжээний одууд цугласан энэхүү гайхалтай үдшийн арга хэмжээг хөтөлнө гэдэг хэн бүхэнд тохиогоод байх боломж биш. Жинхэнэ нэр төрийн хэрэг юм. Энэ бол түүнийг хэр өндөр түвшинд хүрсэн бэ гэдгийг тодоос тод харуулж байгаа хэрэг.
Тэрээр одоогоор Come and get it дуугаа гаргаад байгаа бөгөөд энэ дууны клип нь 3 хоногийн дараа албан ёсоор гарах ба шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байна.


Ulaanbaatar
0 comments :
Post a Comment